Монголчуудын хоол ундны тогтолцоо

2025 оны 5 сарын 20 өдөр

Монголчуудын хоол ундны тогтолцоо

Аливаа ард түмэн-угсаатны хоол, унд нь тухайн орныхоо байгаль, газар зүй, цаг уур, эрхлэх аж ахуйн үндсэн хэлбэртэй ихээхэн шүтэлцсэн байдаг. Монголчуудын хоол ундны үндсэн төрөл нь Төв Азийн тал нутагт эрт үеэс бүрэлдэн тогтсон нүүдлийн мал аж ахуй-соёлын түүхэн хэв маягтай уялдан үүссэн, энэхүү тогтолцоо нь тухайн хэв маягийн нэг гол хэсэг нь гэж судлаачид санал нэгтэй тайлбарладаг. Хоол ундны тогтолцоо хэмээх ойлголтонд юуны өмнө хоол унд хийх гол бүтээгдэхүүн, хоол ундны үндсэн төрөл, тэдгээрийг хийж бэлтгэх арга, хоол унд идэж уухтай холбоотой ёс заншил хамаардаг. Монголчуудын уламжлалт хоол, ундны тогтолцоог судлаачид доорхи хэдэн төрөлд ангилан үзсэн буй. Үүнд: · Цагаан идээн хоол · Махан хоол · Холимог хоолны төрлүүд · Хоолны хольц буюу ааг амттан · Цай ундаа · Өдөр тутмын хоол ундны дэг · Ёслолын хоол унд Эдгээр нь нийтлэг тогтолцоо бөгөөд энэхүү тогтолцооны төрөлд нутаг нутгийн онцлог, ялангуяа мал сүргийн газар зүйн байршилт ихээхэн нөлөөтэй юм. Монголчууд неолитийн үе буюу МЭӨ IY-III мянган жилийн үед мал аж ахуйг эрхлэх болсон ба тэр үеэс аргаль, янгир, хавтгай, хулан, тахийг гэрийн болгосноор монголчуудын уламжлалт махан хоол хүнс, сүү цагаан идээ бий болсон гэж үздэг. Манай орны хувьд таван хошуу малаас хамгийн их тархацтай нь хонь, адуун сүрэг боловч мах, сүү, цагаан идээний гол бүтээгдэхүүн өгдөг нь хонь, дараа нь үхрийн аж ахуй байна. Талын монголчуудын гол хүнс нь эхэндээ сүү, цагаан идээ байсан бөгөөд малын сүүгээр нийтдээ 150-иад нэр төрлийн цагаан идээний зүйлийг өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хийж чаддаг байна. Малчин ардууд аль малын сүүгээр ямар төрлийн идээ, ундаа хийвэл илүү тохиромжтойг өөрсдийн амьдралын туршлагаараа мэдэж авсан бөгөөд нутаг орныхоо өвөрмөц уур амьсгал, нүүдэлчдийн ахуй нөхцөлд зохицсон цагаан идээ хийх өвөрмөц баялаг туршлага хуримтлуулжээ. Монголчуудын цагаан идээ боловсруулдаг арга ажиллагаа нь ерөнхийдөө ижил боловч говь, тал, хангай нутаг бүрт бас өөрийн онцлогтой. Эртнээс нүүдэлчин амьдралтай монголчуудын хувьд махан хүнснийхээ хэрэгцээний зонхилох хэсгийг ан аваар хангаж байжээ. Гэхдээ монголчуудын хувьд эртнээс ан ав хийх ёс журам нарийн байсан байна. Харин Эзэнт гүрний үеийн монголчуудын хоол хүнс нь амьд байгалийн анхдагч бүтээгдэхүүн мах, цагаан идээ гэсэн хоёр үндсэн зүйлээс зонхилон бүрэлдэж байсан бөгөөд хүнсний зарим зэрлэг ургамлыг туслах чанартай хэрэглэж байжээ. Тариалангийн ажил нь мал аж ахуйг бодвол нэлээд нүсэр хүнд, биеийн хөдөлмөрийг шаарддаг тул тариалангийн ажил үйлсийг монголчууд өндөр үнэлэн хүндэтгэдэг байжээ. Ардын ярианд “үрээ идэхээр үнээгээ ид” гэдэг үг байдаг нь үр тарианы өгөөж бол үнэт хөдөлмөрийн үр шим гэснийг тодорхойлсон хэрэг юм. Монголын эзэнт гүрний үед нуур, гол мөрний сав газар, хөндийд олзны хятад, түрэг иргэдээр тариа тариулж, өөрсдөө зарим зүйлийг тарьж хэрэглэдэг байжээ. Монгол хаад ноёд өөрсдийн болон цэргийн хэрэгцээнд зориулан Хятад, Хорезм зэрэг олзны хүмүүсээр нутагтаа тариа тариулах ажил хийлгэж, Хэрлэн, Онон, Туул, Завхан гол зэрэг гол мөрний савд тарианы газар, тосгон суурин ч бий болж байжээ. Үүний нэг бодит жишээ нь Чингис хааны шадар, хэрэйд угсааны Чингай ноён Алтайн зүүн бэлчир Завханы хөндий, Ховдын орчим тариалангийн томоохон тосгон байгуулж тэдгээрт Хятад, Хорезмын олзлогдсон 10 мянга орчим тариачид, нэхмэлчид боол шивэгчин байдалтай ажиллаж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Түүнээс гадна зарим ноёд, жанжин нарын өргөө гэрийн ойр хавьд олзны иргэдээр тариа тариулж тосгоны маягийн бэсрэг суурин үүсгэх явдал бас байжээ. Тэдгээр тариалангийн газарт гол төлөв гурил хийх улаан буудай, шар будаа, хүнсний ногоо тариалж байсан бөгөөд ургацын дийлэнх нь хаад ноёд болоод цэргийн хэрэгцээнд зориулагдаж харин энгийн ардууд тариа будааны зүйлийг мал, арьс, үс, сүү, цагаан идээ, ангийн зүйлээр арилжиж авдаг байсан байна. Аж ахуйн шинэ хэлбэрийг хөхүүлэн урамшуулах бодлого ч байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Өгөдэй хаан, лууван сайн тарьж ургуулсан нэг тариачинг их хэмжээний мөнгөөр шагнаснаас гадна хотын захад олон гүйлс, бургас тарьсан өөр нэг хүнд мод бүрийнх нь тоогоор мөнгөн зоос шагнаж байсан баримт бий. Эндээс үзэхэд монголчууд саяхан болтол зөвхөн мах, сүүгээр хооллож байсан гэсэн дүгнэлттэй санал нийлэх боломжгүй юм. XIX зууны үеийн монголын аж ахуй, эдийн засагт шинэтгэл хийх оролдлогыг гаргаж байсан То ван буюу Тогтохтөр нутгийн ард олноор буудай, шар будаа зэргийг туслах аж ахуйн журмаар тариалуулж гурил, чангаамал хийлгэж сургасан нь саяхан хүртэл уламжлал болон үргэлжилж иржээ. Үүнээс гадна мах, сүү, цагаан идээг гурил, ургамлын бүрэлдэхүүнтэй хольж хийдэг холимог хоолны төрөл Алтай, Хангайн уулархаг мужийн зарим газар, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний сав дагуух нутагт нэлээд түгээмэл байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь дээрх бүс нутагт суурьшмал амьдралтай хөрш орны иргэд ирж олон цөөнөөр суурьшсан болон зарим ардууд өөрсдөө тариалан эрхэлдэг байсан зэрэгтэй холбоотой гэж үзэх үндэстэй юм. Монголчуудын бүр Хүннү улсын үеэс, магадгүй түүнээс ч өмнөөс тариалж ирсэн амуу будаа нь буудай, арвай, бог, хошуу, гурвалжин будаа гэсэн таван зүйл болох бөгөөд эдгээрээс бог будааг анх Ази тивд, тэр тусмаа Монгол нутагт тариалж байжээ гэсэн таамаглалыг эрдэмтэн судлаачид дэвшүүлдэг бөгөөд арвайг тарималжуулсан хоёр дахь эх орон бол Монгол гэж үздэг. Түүнчлэн “Улаан буудай” гэдэг нэр ч улаан түрүүтэй жижиг үртэй монголын буудайнаас гаралтай гэсэн таамаглал ч байдаг. Харин цагаан будааг гаднаас авч хэрэглэдэг байсан бөгөөд өмнөд Хятадаас эзэнт гүрний нийслэлд хүртэл тээвэрлэх сувгийг Хубилай хаан барьж байгуулсан байна. Монголчууд эрт дээр үеэс арвайн цэвэрлэсэн үрийг хуурч тээрэмдэн шигшиж арвайн гурил хийхийн сацуу арвайн хөц будаа хийж хоол хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ. Түүнчлэн хөх тарианы гурилаар талхан бүтээгдэхүүн, бог будаагаар чангаамал хийж өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Буудайн гурил нь монголчуудын хоол хүнсний хэрэглээнд зонхилох байр суурь эзэлнэ. Буудайн гурилыг мах, сүүн хоолны хольц болгон хэрэглэхээс гадна олон төрөл зүйл боов, боорцог, талх, гурилан бүтээгдэхүүн хийдэг. Монгол боов боорцгийг сайтар нухаж, нягтруулж их хэмжээний шар тос, эсвэл өөхөн тосонд чанаж хийдэг тул өлтэй, аяны хүнс, аяганы хийц байдлаар хэрэглэхэд тохиромжтойн дээр удаан хадгалагдах чанартайгаараа онцлог хүнс юм.

Шинэ + Мэдээлэл